Фүмио Сасаки “Би энгийн амьдралыг сонгосон” номын тэмдэглэл
Төрсөн сэтгэгдэл:
Зохиолчийн зүгээс илэрхийлэх гэсэн санаа нь минимализм бол ямар нэгэн зорилго биш харин арга гэсэн санаа болов уу. Тэр арга нь өөрийнхөө чухал гэсэн үнэ цэнэ бүхий зүйлсээ хэзээд ялгаж салгаж чадах чадвар ч юм шиг…
Зохиогч номын эхэнд өөрийнхөө болон бусад минималистуудын амьдрал ахуйг зургаар дамжуулан хуваалцаж, өөрийн минимализмаас өмнөх амьдралаа шууд л харуулсан. Үүний дараа “хаях” гэдэг ойлголтыг байн байн дурьдаж байсан нь жаахан нуршуу нэг талыг барьсан өнцөг мэт санагдсан ч номын дундаас эхлэн яг яагаад хаях хэрэгтэй вэ гэдгийг маш сайхан тайлбарлаж мөн минималист байх нь зөвхөн хаяхын нэр бус түүний цаана маш олон утга санаа, мэдрэмж, цаг хугацаа байдаг талаар өгүүлсэн. Жишээ нь өөрийгөө нээх боломж. Элдэв эд хогшилд өгөх анхаарлаа өөртөө буюу амьдралын утга учир болсон зүйлсдээ зарцуулж гэмээн бидний цаг хугацаа зөв үр ашигтай өнгөрөх тухай.
Би юу тунгаав?
Энэ номыг уншаад би өөрийгөө минималист хэв маягаар амьдардаг хүн гэдгээ мэдэж авав. Хэрвээ надад 10-хан минутын дотор нүү бас бүх эд зүйлсээ авч явах боломжгүй гэвэл би хамгийн хэрэгтэй, үүнийг л авч явбал бусад нь яахав гэсэн чухал зүйлсээ мэддэг. Мөн цөөн, удаан эдэлж болохуйц зүйл худалдаж авахыг хичээдэг. Өдөр тутамдаа гадуур гарахдаа биедээ олон зүйл авч яваад байдаггүй. Ядаж л хоол хийсэн бол тэр дор нь гал тогоогоо цэвэрлэчихдэг ба энэ нь надад эргээд маш тухтай мэдрэмжийг өгдөг. Миний зүгээс минимализм бол өөрт хамгийн хэрэгтэй зүйлээ мэддэг түүндээ төвлөрч, аз жаргалыг түүнээсээ мэдэрч чаддаг, ганц түүнтэйгээ амьдрах чадвартай байх энгийн бөгөөд даруу оршихуйн урлаг буюу аргыг хэлнэ.
Улаанбаатар хот
2023.12.20
Т.Хулан