Б.Сарантуяа “Сорхугтани” номын тэмдэглэл
Эгэл жирийн амьдралаар өссөн нэгэн ноёны охин өөрийн биш эцгийнхээ шийдвэрээр Их Монгол улсын эзэн хааны отгон хүү Тулуйн их хатан болон очсоноор бүх зүйлс эхэлдэг.
Бурхан түүнд ухааныг харамгүй заяасан харин тэр ухаанаа эх орон элгэн садныхаа төлөө харамгүй зарсан.
Хайр энэрэл, дайн тулаан, улсын бодлого, түүхэн үйл явдал зэрэг олныг шингээсэн энэхүү романд “хатан ухаан” гээчийг түүхтэйгээ холбон харуулахыг зохиолч зорьсон болов уу хэмээн би бодов. Эмэгтэй хүний тэр сайхан уян зөөлөн сэтгэл бас хэрсүү холч ухаан хорвоогийн хатууг зөөллөж, харанхуйг гэрэлтүүлдэг үү гэмээр. Монголын хаад эх газар дамнан өртөөлж, үй олон улсыг өөртөө нэгтгэж явсан тэр цагт ирээдүйн залгамжлагчдад хэрхэн төрт ёс жаягт суралцах, эрдэм мэдлэгээр оюунаа мялаах зэргийг сургахыг хатдад голчлон даатгадаг байсан нь тэнцвэртэй мөн бүсгүй хүний сэцэн ухаанд итгэдэг байсных болов уу.
Зохиолч Б.Сарантуяагийн бичиж байсан өөр нэгэн “Самар хатан” номыг уншиж байсны хувьд уран яруу хэрэглүүр,чимхлүүр чамин үгс бүрийг зохиол бүрдээ шигтгэж өгдгийг нь мэднэ. Энэ удаад ч мөн тэр зохиолоо тансаг үгсээрээ чимжээ.
Улаанбаатар хот
2023 он 11 сарын 07
Т.Хулан