“The Vagina Bible” by Jennifer Gunter
Зохиолчийн талаар миний өнцгөөс:
Юуны өмнө энэхүү номыг бичсэн 30 гаруй жилийн туршлагатай үтрээ болон умайн өвчин судлалаар нарийн мэргэшсэн эх барих эмэгтэйчүүдийн эмч Женнифер Гюнтерийн талаар дурьдах нь зүйтэй байх. Түүний мэргэжилдээ дуртай бас үнэнч гэдэг нь тэр олон судалгаа шинжилгээг уншиж судлаад өөрөө ч мөн судалгаа явуулсан, өвчитнүүдтэйгээ харьцах арга барил зэргээс нь мэдрэгдсэн. Тэрээр одоо ч цахим сүлжээгээрээ дамжуулан бүх насны эмэгтэйчүүдэд хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хуваалцсаар байгаа нь энэ салбартаа нэрээ дуурсгахгүй байхын аргагүй болов уу. Миний зүгээс тэр эл номоороо олны дунд түгсэн эмэгтэйчүүдийн бие физиологийн талаарх ташаа мэдээллүүдийн эсрэг баримт нотолгоотой хариу барьсан болов уу гэж харж байна.
Би юуг эргэцүүлэв?
Өөрийн бие организмоо сонсож, илүү танин мэдэх хэрэгтэй юм байна хэмээн сэдэлжүүлж өглөө. Миний хувьд эрүүл мэнд тэр тусмаа өөрийн гайхамшигтай эрхтнийхээ талаар номноос уншиж байгаа минь анхных билээ. Уншиж байх явцдаа өөрт илэрсэн, илэрдэг ямар нэгэн шинж тэмдгүүд юу билээ гэхчилэн өөрийн эрхгүй л бодолхийлсон доо. Үтрээнд өвчний болоод өөрчлөлтийн үед илэрдэг шинж тэмдгүүд ихээхэн төстэй мөн үүнийг дагаад ямар үед эмчид хандах ёстой, хэрхэн эмчтэйгээ харьцах ёстой, эмчээ яаж сонгох ёстой талаар тун сайн ойлголттой боллоо.
Таалагдсан эшлэл:
Йогийн өмд зардаг спорт заал, спорт барааны дэлгүүрүүдэд “Бэлгийн уруулын хоорондох завсраа хайрла” гэсэн бичээс өлгөчихмөөр санагддаг юм.
Ер нь эмэгтэйчүүдийн талаарх номонд илүү сонирхолтой болох эхлэл минь энэ болох шиг боллоо.
Улаанбаатар хот
2023.12.17
Т. Хулан