“The Secret” by Rhonda Byrne
Бодлын хүчийг арай өөр өнцгөөс тайлбарлаж чаджээ. “ Номыг хавтсаар нь бүү дүгнэ” гэдэг үг толгойн орой руу минь гялбачихсан. Учир нь энэ номын хавтас нэг тийм захидал мэт хэв загвартай харагдсан болохоор нь би уран зохиолын ном байна гэж бодсон ч эсрэгээрээ уран зохиолын бус баримтат ном болж таарсан.
Гэгээлэг, эерэг зүйлсийг шингээсэн ном байлаа. Хорвоо ертөнцтэй би юугаараа холбоотой юм бэ, яагаад зарим зүйлс яг миний бодсоноор болдог юм бол гэсэн асуултууддаа хариулт авав.
Би баатар буюу зохиолч маань олон талаас нууцыг задалж, тайлбарлаж, ойлгуулах гэж хичээсэн нь олон гайхалтай хүмүүсийн эшлэл, харах өнцгийг шингээж өгснөөс харж болохоор байна. Уншиж дуусахын алдад төрсөн нэгэн хачирхалтай асуулт : Хэрэв нууцыг сөрөг үзэлтэй хүмүүс олж мэдээд зүй бусаар ашиглавал яах бол, ер нь тэгэх боломжтой болов уу?
Надад хамгийн таалагдсан зүйл нь номын эхэнд зохиолч шууд л талархал илэрхийлж эхэлсэн явдал. Миний уншиж байсан ихэнх номууд талархлаар төгсдөг байсан бол энэ ном талархлаар эхлээд эшлэл бүрийн эздийн намтраар төгсөж байгаа нь содон санагдлаа.
Улаанбаатар хот
2024.04.06
Т. Хулан