“The Light We Carry: Overcoming in Uncertain Time” by Michelle Obama

Khulan Tuul
3 min readMay 31, 2024

--

2022 он

Хүчтэй сэтгэл зүй ба тууштай хичээнгүй, айдсаа ялан дийлдэг чанараараа хуягласан гайхалтай эмэгтэйн өөр нэгэн бүтээлийг уншлаа. Энэ удаад тэрээр өөрийн амьдралд тохиосон онцгой үйл явдлууд, түүнээс олсон туршлагаа хуваалцжээ.

Энэ хорвоо дээр ганцаардсан мэдрэмж авах маш амархан, зүгээр л чиний хувьд бусдаас ялгаатай зүйлсээ санах эсвэл өнгөрсөнд даван туулсан хүнд хэцүү үеэ эргэн санаж яагаад ганцхан би тэр хэцүү зүйлтэй нүүр тулсан юм болоо хэмээн бодоход л хангалттай. ГЭХДЭЭ нөгөөтээгүүр би тэр бүхнээс юу сурсан бэ, одоо тэр зүйлс надад дурсамж\сургамж болон үлдсэн гэх зэргээр санан өөрийгөө өвтгөхгүй байх аргаар яг л зоосны нөгөө талыг харахтай адил харах өнцгөө жаахан өөрчлөхөд л та өөрийн доторх гэрлийг асааж чадна. Таны амьдрал таны гарт л байгаа, хаашаа чиглүүлэх, хэрхэн зохиомжлохыг та л шийднэ. Магадгүй тэр л амьдралын хамгийн үзэсгэлэнтэй зүйл нь болов уу. Хүн бол нийгмийн амьтан гэж бид ярьдаг ч үнэндээ нийгэм бол сонголт ба хэм хэмжээгээр нэгдсэн хувь хүмүүсийн нийлэмж юм. Та өөрөө тэр нийгэм хэмээх бүхэл масс зүйлийг бүтээгч нь юм. Гагцхүү өөрийн дотор орших тэр гэрлийг асааж чадсан эсэхээрээ нийгэмд эзлэх байр суурь, оролцох байдлаа тодорхойлох юм.

НАЙЗ нөхөд бол бидний өөр нэгэн харах өнцөг, амрах орон зай, үнэнч дэмжигч юм” хэмээн тодорхойлсон нь бодууштай санагдсан. Танд 10 эсвэл 100 найз байж болно тэд танд яг ижилхэн хандах боломжгүй харин өөр өөр мэдрэмж, зөвлөгөө, цаг хугацааг өгч чадна. Энэ нь танд сонголт хийх боломж бас (хэнтэй нь хэзээ хаана хэр их цагийг өнгөрөөх тухай) зохицуулах аргыг олгох юм.

Харин гэр бүл бол таны зан чанар, хүмүүжилд их бага хэмжээгээр нөлөөгч хүчин зүйл бүхий дотны хүмүүс юм. Хэдий гэр бүл гэдэг үг хүчтэй ч тэнд таны хувь хүний орон зай байж л байдаг, байх ч ёстой. Мишелийн ээж хатагтай Робинсоны хүүхдүүдийнхээ амьдралд шаардлагатай үеэс бусад үед оролцдоггүй, тэднийг өөрсдөөр нь хорвоог таниулж хэрхэн биеэ даах тухай багаас нь сургаж хүмүүжүүлснийг би амьдралд хамгийн ойр хүүхэд өсгөх арга гэж харсан. Зарим эцэг эхчүүд тус болж байгаа хэмээн бодож хүүхдүүдийнхээ урдуур орж өмнөөс нь шийдвэр гаргах, хамаг юмыг нь бэлдэж өгөх зэргээр ирээдүйг нь бодолгүй харалган хандаж хүүхдээ биеэ даах үйл явцад өөрийн мэдэлгүй саад болдог. Том жижиг гэлтгүй хариуцлага гэдэг зүйлийг мэдэрч, үүрч сурснаар хувь хүн болон төлөвшихийн эхлэл болж өгдөг.

Ерөнхий хэлэх гэсэн санаа минь хүн хаана ямар гэр бүлд төрж өссөн нь чухал биш харин ямар гэр бүлийг бүтээх нь чухал. Түүний эхлэл нь өөртэйгөө танилцах, хөгжүүлэх болов уу. Дараа нь магадгүй та амьдралын хамтрагчаа зөв сонгох хэрэгтэй болно. Зөв хүнээ олох хүртлээ олон сорилттой тулгарна. Учирсныхаа дараа тэр хүн чинь ч гэсэн өөр газар өөр хүмүүжлээр өсөж торнисныг ухаарч бие биеэ таньж мэдэн хамт үлдэхийн төлөө буулт хийх үү эсвэл зүгээр л хэн нэгэнд таарч тохирох гэж хичээх шаардлагагүй гэж үзээд ганцаараа үлдэхийг сонгох уу гэсэн асуулт дээр унана. Мэдээж хариулт нь танд байгаа. Та өөрийгөө эхлээд таньж мэдсэнээр дотоод гэрлээ олно. Мөн цаашдаа бусдад гэрэл түгээж өөрийн эргэн тойрныг сайн сайхан бүхнээр хүрээлэх боломжтой.

Талархал гэдэг үнэн бас сайн зүйл гэж би боддог. Хамгийн түрүүнд юмсын гэгээтэй талыг олж харж чадсан хүн талархалтай байж чаддаг.

Улаанбаатар хот

2024.02.17

Т.Хулан

--

--

Khulan Tuul
Khulan Tuul

Written by Khulan Tuul

Wisdom reaches beyond the sight.

No responses yet