“Emotional intelligence” by Daniel Goleman
-Яагаад унших болсон талаар-
Хосууд хамтдаа уншвал тархи болон хоорондын харилцаа зэрэгт олон талаараа сайн гэсэн эрдэмтдийн судалгааг уншсан найз залуугийнхаа зөвлөгөөгөөр хамт унших ном сонгохоор болоод номын дэлгүүр орлоо. Шууд л хоёулаа санал нэгтэй энэ номыг сонгочихсон, гэхдээ АНГЛИ ХЭЛ дээр. Эхэндээ аягүй хөөрхөн ойлгож явж байгаад дундаас нь шахуу зарим нэг мэргэжлийн хэллэг дээр ойлгох гэж гацсаар бараг сар шахуу уншихаа хойшлуулсан. Харин дараа нь өөр ном авах гээд явж байгаад МОНГОЛ ХЭЛ дээр орчуулгатай хэвлэлийг нь олоод бөөн баяр болоод эргээд уншиж эхэлсэн дээ.
-Номын талаар-
Тивээс тив дамжин бестселлер болсонд нь гайхах зүйл гараагүй ээ. Бүлгүүдийн дэс дараалал нь зөв, цэгцтэй (жишээ нь номын эхэнд биологийн талаас сэтгэл хөдлөл хэрхэн үүсэж яаж ажилладаг талаар оршил болгон тайлбарлачихсан учир дараа нь бусад сэвүүдтэй холбож ойлгоход амархан байсан) байсан. Зохиолч өөрийн болон бусад мэргэжилтэн, философич нарын олон жилийн судалгаа, шинжилгээ, туршлагад тулгуурлан бүтээсэн энэхүү бүтээл 19 жилийн дараа ч бидэнд зааж сургасаар байгаа нь үнэхээр бахархууштай. Ерөнхийдөө сэтгэл хөдлөлөө ухаалгаар буюу зохистой удирдах чадамжтай байх нь амьдралд ямар их өөрчлөлтийг авч ирж болох талаар маш өргөн хүрээнд тайлбарлаж, IQ-с ялгаатай юу хэмээн номын эхэнд хөндсөн асуултад гүн гүнзгийгээр хариулж өгөв.
Бидний амьтдаас ялгарах ганц онцлог нь бидэнд сэтгэл хөдлөл байдаг. Өмнөх зуунд ч магадгүй тэрнээс өмнө ч сэтгэл хөдлөлийн чадамжийн талаарх ач холбогдол, хэрхэн зөвөөр ашиглах талаар хөндөгдсөөр ирсэн. Учир нь хүн хүнтэйгээ буюу нийгмийн орчинд хэрхэн харилцаанд орох нь сэтгэл санааны байдлаас шууд хамаардаг. Хэрвээ баяртай байвал нүүрэнд аз жаргалтай байгаагийн илэрхийлэл инээмсэглэл тодордог. Ийм учраас өөрийгөө танин мэдэх, бусдыг ойлгох, өрөвдөх гэх мэт сэтгэл хөдлөлийн чадамжууд нь биднийг амьтнаас ялгаж өгдөг. Бүр биднийг төрөхөөс л сэтгэл хөдлөлийн чадамж бий болж, хөгжиж эхэлдэг ба түүнийгээ оюун ухаанаараа удирдах эсвэл түүндээ удирдуулах нь ямар хүмүүсээр хүрээлүүлэх, хэрхэн суралцахаас шалтгаалдаг. Гэхдээ энэ нь бага байхдаа уурлаж уцаарладаг, муу зуршилтай байвал ирээдүйд ч тиймээрээ байна гэсэн үг биш юм. Мэдээж ЗӨВ, ЭРҮҮЛ, САЙН САЙХАН амьдрах боломж хүн бүхэнд бий. Гагцхүү хүн төрөлхтөн бидэнд заяасан онцгой чадвараа хөгжүүлэхэд учир буй.
Улаанбаатар,
2024.04.19
Т. Хулан