“Becoming” by Michelle Obama
Оршил:
АНУ-н Иллиной мужийн зүүн хойд хэсэгт орших Чикаго хотын Саутсайд-д төрж ам бүл 4-үүлээ ( аав, ээж, ах) нагац эгчийнхээ эзэмшил 2 давхар хуучин байшингийн дээд давхарт өссөн тэрээр бага байхаасаа л зөв бурууг ялгаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурсан хэрсүү нэгэн охин хэрхэн 8-н жилийн турш АНУ-н төрийн тэргүүн суусан 44-р цор ганц хар арьст ерөнхийлөгч Барак Обамагийн эхнэр /тэргүүн хатагтай/, 2 хөөрхөн охидын ээж болсон талаар өгүүлэх энэхүү намтраас юуг тунгаасан талаараа ийнхүү миний бие хуваалцаж байна.
Номын тухайд:
Мишель Обамагийн амьдралын гараа шууд л Цагаан ордон эсвэл Харвард, Принстон зэрэг газраас эхлээгүй. Эгэл даруу жирийн нэгэн байшингийн 2 давхраас л эхэлж байсан. Түүнд ердөө өөдрөг үзэл, үнэнч шударга зан чанар л байсан. Өнөөгийн бидний мэдэх АНУ-н тэргүүн хатагтай асан болох хүртлээ тэр бусдын өмнө хэрхэн биеэ авч явах, үзэл бодол дуу хоолойгоо бусдад хүргэх зэргийг сурч, үлгэр дуурайлал болон харуулсаар ирсэн. Гол санаа минь тэр анхнаасаа онцгой, тусгай нэгэн байгаагүй харин бидний л адил “Би”-гээ бүтээж явсан (яваа) хүн юм. Тэр өөртөө итгэх итгэл, бусдад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвараа гэр бүлээсээ олж авсан болов уу. Учир нь сургуульд явдаг байх үедээ өдрийн төгсгөлд орой бүр гэрийнхэнтэйгээ тухайн өдрийн онцлох зүйл юу байсан талаар ярилцдаг, аав ээжээсээ “яагаад” гэдэг асуултын хариултыг авч, аливаа зүйлсийн учир шалтгааныг нягталж байж санаа нь амардаг хүүхэд байсан талаараа тэр дурдсан байсан. Тэрхүү нягт нямбай зан чанарын ачаар түүний шаардлагатай үед гаргадаг шийдвэрүүд ихэнхдээ онодог. Мөн нэг таалагдсан зүйл нь нөхрийнхөө кампанит ажилд туслахын тулд маш их уулзалт хийж илтгэл тавьдаг байсан ба тухайн үед олны өмнө гарах тусам өөрийгөө өөрчлөх бус хэрхэн бусдад өөрийгөө зөвөөр илэрхийлэх тал дээр анхаарч ажиллаж байсан. Түүний энэ сэтгэлгээ нь надад үнэхээр таалагдсан. Учир нь бусдын төлөө ажиллана гэдэг нь хүн болгонд таалагдах хувилбар болж хувирах өнөө маргаашийн тухай биш харин өөрийн юу хийж чадах, бусдын төлөө үнэхээр тэднийг төлөөлж зорилгыг нэгтгэх явдал юм.
Хатагтай Обама үлгэр жишээ эмэгтэй байж чадсаны нэгэн жишээ нь нөхрийнхөө ажилд гар бие оролцсоор байсан ч хүүхдүүддээ өгөх хайр халамжаа хэзээ ч орхигдуулалгүй маш сайн ээж бас эхнэр байсан. Олон эмэгтэйчүүдэд төрсний дараах болон өмнөх амьдралын ялгаа хүндээр тусдаг. Гэхдээ Мишель үүнийг “ амьдралд нь шинэ нөхцөл бий болсон, үүнтэй яаж зохицох аргаа л олох хэрэгтэй” гэж харсан байгаа юм.
Дүгнэлт:
Өнөөдөр бид зөвхөн өмнөө байгаа бүтэхгүй зүйлсийг л анхаараад байвал тэр зүйл л бидний эргэн тойронд оршино. Харин үүнтэй эвлэрээд бүтээх гаргалгааг хайж эхэлсэн цагаас тэр бүтэхгүй байгаа зүйлс бүтэхгүй байхаа больдог. Бүдэрч уналаа гээд газарт бүх насаараа хэвтдэггүйтэй адил итгэл найдвараа алдахгүй байж унасан газраасаа өндийх аргаа л олохын төлөө явах хэрэгтэй ингэж байж л юмс үндсээрээ өөрчлөгдөнө.
Таалагдсан эшлэлээс:
Би бол ер бусын аялал хийсэн эгэл жирийн хүн.
Зүгээр л өөрийнхөөрөө үлдэж, зүгээр л хүмүүстэй харилцаа тогтоохыг хичээн явах зуурт минь чулуун орд харш, хот газрын анги танхим, Айовагийн гал тогоогоор алхах аз завшаан тохиосон юм.
Эгэл даруу оршихуй.
Улаанбаатар хот
2024.02.06
Т.Хулан