“Anthem” by Ayn Rand
Зохиолчийн талаар:
Айн Рэнд бол бараг ном зохиол уншдаг хүн болгоны мэддэг, урьд нь сонсож байсан зохиолч юм.
Тэрээр 1905 оны 2 сарын 2-нд Орос улсад төрж, 1926 оны 2 сард Америк улсад суурьшиж байсан аж. Есөн насандаа уран зохиолоор карьераа эхлүүлнэ гэдгээ шийдэж байсан. Айн Рэндийн бичсэн зохиолуудын ноён оргил нь яах аргагүй “Atlas shrugged”/ “Атлантын нуруу тэнийв” 1957 он, “The fountainhead”/ “Эх сурвалж” 1943 он юм.
Миний хувьд Айн Рэндийн “The husband I bought”/ “Миний худалдаж авсан нөхөр” өгүүллэгийг 15 настай байхдаа олж уншсан нь түүний зохиолын амтанд орох эхлэл байсан.
Номын тухайд:
Уншиж эхэлмэгц өнөө алдартай бидний мэдэх “Орос Ах Нар” гэдэг үг шууд толгойнд орж ирэв. Түүхэн холбогдолтой Монгол уран зохиолын ном их уншдаг болохоор ч тэр үү Монголын ард түмэн хувьсгалын төлөө нэгдэж буй нэрийн дор хэрхэн бие сэтгэл, эд баялгаа харийн “ах нарт”-аа хүсээгүй хэр нь өргөн барьсныг санахгүй байхын аргагүй байлаа. Коллективизм нь үнэхээр бүгдийн ашиг сонирхлыг багтааж чадсан уу, нийгмийг нийтлэг зорилго үнэт зүйлийн дагуу чиглүүлэх нь үнэхээр зөв үйлдэл үү гэдэг асуудлыг хөндөж, хэт их “БИД” гэдэг ойлголт эцэст нь “БИ”-г үгүй хийж бие хүн гэдэг бол зүгээр л нэг обьект болон хувирсан байдлыг харуулав.
“EGO” бол “би” болохоос “хар амиа хичээгч” гэсэн утга биш юм. Бид сүүлийн үед энэ үгийг эго өндөртэй, би төвтэй гэх мэтчилэн ихээр ашиглах болсон. Үүгээр эго гэгчийг харах өнцөг өөрчлөгдөх болов уу.
“The word can never die on this earth, for it is the heart of it and the meaning and the glory. The sacred word: EGO”
Улаанбаатар
2024.05.11
Т. Хулан